АНУ цагаачдын тоог цөөлөх бодлого барина

Өнөөдөр Ерөнхийлөгч Трамп АНУ-н цагаачлалын суурь бодлогод эрс шинэчлэл хийх хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Одоогийн үйлчилж буй цагаачлалын бодлогоор  АНУ-д гэр бүл, ураг төрлийн холбоотой гадаадын иргэдэд цагаачлах боломж түлхүү олгодог журам давуутай үйлчилж байгаа бөгөөд үүний үр нөлөөгөөр боловсрол, ур чадвар багатай цагаачид АНУ-д ихээр орж ирэх болсон гэж үздэг билээ.

Тиймээс Арканкас мужийг төлөөлдөг Сенатор Tom Cotton, Жеоржиа мужийг төлөөлдөг Сенатор David Perdue нарын санаачилсан цагаачлалын бодлогыг өөрчлөх хуулийн хүрээнд АНУ-д цагаачлах иргэдийн тоог багасгах, улмаар цагаачлах хүсэлт гаргасан гадаад иргэдийг боловсрол, мэргэжил, ур чадвараар нь өрсөлдүүлэх бодлого баримтлах үндсэн санаа агуулж байгаа юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч Доналд Трамп цагаан ордонд дээрх хоёр сенаторуудын хамт мэдэгдэл хийж, АНУ-н хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чадвартай, боловсрол, мэргэжилтэй гадаадын иргэдэд цагаачлалын эрх олгох бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “…цагачлах хүсэлт гаргагчдад мэдлэг чадвараараа өрсөлдөх боломж олгох нь зүйтэй, тэд Англи хэлтэй, санхүүгийн боломжтой, манай эдийн засагт хувь нэмэр оруулах мэдлэг ур чадвартай гэдгээ харуулах ёстой…Ингэж чадаж гэмээнэ энэ нь зөвхөн бидэнт 21-р зуунд өрсөлдөх чадвараа хадгалахад дөхөм болоод зогсохгүй өнөөгийн Америкийн төр засаг, иргэдийн хооронд үүссэн үл итгэлцэх байдлыг арилгахад чухал алхам болно…” гэж мэдэгдээд байна.

Энэхүү цагаачлалын бодлого нь 2007 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачилсан цагаачлалын хуулийн утга санаатай төстэй бөгөөд Ж.Бушийн санаачилсан хууль Конгресоор батлагдаж чадаагүй билээ. Үндсэндээ сүүлийн 50 орчим жилд АНУ-н цагаачлалын суурь бодлогод  “салхи” ороогүй байгаа билээ.

Одоогийн цагаачлалын тогтолцоогоор АНУ-н иргэд болон ногоон карртай иргэд гэр бүлийн хамаатан саднаа АНУ-д цагаачаар авч ирэх боломжийг олгодог. Өнгөрсөн жилүүдэд АНУ-д цагаачилсан цагаач иргэдийн 64 орчим хувь нь зөвхөн гэр бүлийн гишүүдийн батлан даалтаар АНУ-д ирсэн байдаг бөгөөд тэдний хэлний мэдлэг, мэргэжил ур чадварыг огт харгалзаагүй гэсэн хэрэг юм.

Трампийн дэмжихээ илэрхийлсэн цагаачлалын шинэ бодлого өнөөгийн Канад болон Австрали улсуудад хэрэгждэг “merit-based” цагаачлалын бодлогын хуулбар ч гэж хэлж болох ажээ. Дээрх орнуудад цагаачлахаар өргөдөл гаргасан иргэдийн боловсрол, ажил мэргэжил тус бүрээр оноо тооцож, хамгийн өндөр оноо авсан, цагаачлах эрх бүхий өргөдөл гаргагчдад байнгын оршин суух эрх олгох бодлого барьдаг байна.

Жилд АНУ төрөл бүрийн нөхцөл шалтгаанаар 1 сая орчим гадаад иргэдэд АНУ-д байнга оршин суух эрх ногоон карт олгодог бөгөөд хэрэв дээрх хууль батлагдаж хэрэгжиж эхэлвэл энэ тоо даруй тэн  хагасаар багасах тооцоо байгаа гэнэ.

Be the first to comment

Сэтгэгдэл бичих