Ц.НЯМДОРЖ: ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН СОНГУУЛЬ БОЛЛОО

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн дүнг хэлэлцэн муудалцсан, тус намынхан дотроо зөрчилдөөнтэй байна гэсэн зүйл яригдаад буй. Энэ асуудлын талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос сэтгүүлчид тодруулга авлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хариуцлагын асуудал хөндөгдөж, МАН хагаралдаж задарлаа гэж байна. Та үүнд тайлбар өгөөч?

-Энэ асуудлыг надтай холбож яриад байх шиг байна. МАН задарлаа гээд. Би зургадугаар сарын 26-ны өдөр 07.00 цагт саналаа өгчихөөд БНСУ руу яваад, өчигдөр орой ирсэн. Тиймээс нэгдүгээрт, МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хамтарсан хурал дээр байгаагүй.

Хоёрдугаарт, гадаадад явж байсан учраас ямар нэг хариуцлагын тухай ярих бололцоо байхгүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна.

Ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгууль явагдах боллоо. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын асуудал ярина гэж юу байдаг юм. Харин Удирдах зөвлөл юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, ганц нэг хүн үг хэлсэн байх талтай. Би байгаагүй.

Ер нь энэ сонгуульд хар пиар, монтаж, байдлыг ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж, зохион байгуулсан тал харагдаад байгаа. Өмнө нь сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн. Даанч харамсмаар.

Нэр дэвшигчид Монгол төрийн тэргүүн болох гэж өрсөлдөж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монгол төрийн тэргүүний сонгуулийг сурталчилж байгаа гэдгээ огт мартаж болохгүй. Хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр гарсан хар пиар, гүйцэтгэх ажил. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга орж ирлээ.

-Зарим улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. МАН-ын зүгээс Баян-Өлгий аймаг дахь сонгуулийн дүнг гараар тоолж тулгах ёстой гэсэн шаардлага Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэ мэтчлэн яривал эргэлзээтэй асуудлууд нэлээд байх шиг?

-Одоо бүх зүйл тодорхойгүй байна. Би өглөө ирчихээд нөхцөл байдлыг судалж чадаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарсныг өнөөдөр тоолж байгаа гэсэн яриа гарна лээ. Чухам юуг маргалдаад байгааг бататгана. Сонгуулийн үед ойр явж байгаа нэр дэвшигчдийн санал нэг тойрог, нэг аймгийн сонгуулийн үр дүн орвонгоор нь эргүүлээд хаячихдаг зүйл гардаг юм. Би Баян-Өлгий аймагт тийм зүйл болчихсон юм болов уу гэсэн ойлголттой байгаа.

Жишээлбэл, 2004 оны сонгуулиар 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн Увс аймагт гараад Д.Дорлигжав 450 орчим саналаар ялсан. Нэг сумын санал ирээгүй байсан. Зүүнхангайн дүнг гурван цаг хүртэл хүлээсэн. Гэтэл 980-аад саналаар Ч.Авдай багш илүүрхээд 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Баян-Өлгий аймагт иймэрхүү юм болсон байх талтай. Хэрвээ хар машинаар дамжуулж луйвар хийх байсан бол хаа сайгүй л хийнэ шүү дээ. Сонгууль дагасан маргааныг сонгуулийн байгууллага нь эцэслээд олон нийтэд хүргэх байх.

-Судлаачдын зүгээс МАН оновчтой хүнээ нэр дэвшүүлж чадсангүй гэж дүгнэж байна. Сонгогчдоос өгсөн саналыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Ард түмэн нэг юм хэлээд байна шүү дээ, гурвууланд нь. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогч юм. Яагаад ард түмний санал анх удаагаа ийм үр дүнтэй гарав гэдгийг улс төрд явж байгаа бүх хүмүүс дүгнэх хэрэгтэй. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Сайн анализ хийх хэрэгтэй.

-МАН-ын гишүүд зөрчилдөөтэй байна гэдэг мэдээлэл яваад байна. Та нэг л тоймтой хариулахгүй юм. М.Энхболд даргатай та муудалцсан юм уу гэж ойлгогдохоор юм яваад байна?

-Тийм юм байхгүй. Бага хурал дээр нэр дэвшээд, би гарч ирж чадаагүй, түүнээс хойш сар болж байна, ам муруйсангүй. Долоон аймгаар явсан, морь уяж байгаа уяач шиг л явсан, муудалцах зав гараагүй. Санал хураалт эхлээгүй шахам байхад би гадагшаа явсан. Наадах чинь ёстой худлаа.

Ардын нам хариуцлагын асуудлыг энэ сонгуулийн эцсийн дүн гарсны дараа ярьж л таарна шүү дээ. Ялсан ч ярина, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. Одоо яагаад ийм юм хийгээд байна вэ гэвэл хагаралтай байна гэсэн хар мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол хар нэвтрүүлэг хийж л байгаа байхгүй юу.

-Дахин санал хураалтын дүнг та яаж харж байна вэ?

-Тааварлах аргагүй зүйл, гэхдээ мэдрэмж байна аа, байна. Байсан ч та нарт хэлэхгүй.

-Дахин санал хураалтад цагаан хуудас өгч, хүчингүй болгоё. Тэгж байж дахин сонгууль явуулъя гэдэг давалгаа явж байна?

-Давалгаа биш сонгуульд нэр дэвшүүлж орсон зарим нь ийм яриад байгаа юм биш үү, би тэгж ойлгосон. Ард түмний сонголт сэтгэл зүйг хүндэлж сурах хэрэгтэй. Ялагдчихаад гонгиноод байж болохгүй.

Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж дахин сонгууль явуулж байж, өөрөө Ерөнхийлөгч болчих санаатай хүн байж мэднэ шүү. Тэр хүмүүс сонгуулийн санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлсэн нь мэдрэгдээд байна. Буруу шүү дээ. Нямдорж заавал Монголын хаан байх албагүй, мөн биз. Нямдорж биш бол хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй шүү дээ. Зарим хүн ингэж бодоод улс төрийг амраахгүй байна. Сүвлээд, хорлоод, шантааж хийгээд, будилаан хутгаад байна шүү дээ.

-Цагдаагийнхан ямар хурдан ажилладаг болоо вэ гэж байна. С.Ганбаатар нэр дэвшигчийн гадаад хүнээс авсан авлигыг дор нь тогтоогоод гэж?

-Хуулийнхантай харьцалгүй удсан учраас дүгнэлт хийж чадахгүй. Сонгуулийн үеийн маргааныг санал хураалтын эцсийн дүн гарах хугацаанд шийдвэрлэгдсэн байх ёстой гэдэг заалт өмнөх хуульд байсан, одоогийн хуулиас авчихсан.

Өмнөх хуулиудад сонгуулийн талаар маргаан гарах юм бол Сонгуулийн хороо шийдвэрлэнэ, шүүх тэд хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хоногоор хашдаг хугацаанууд байсан. Тэгэхээр сонгуулийн үеэр гарч байгаа маргааныг хурдан шийдвэрлэдэг. Шүүх хурлын талаар мэдэхгүй.

-Дахин сонгууль зарлалаа гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга орж ирэх боломж байгаа юу?

-Би Сонгуулийн ерөнхий хороо биш. Ямар ч тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо саяхан шийдвэр гаргасан. Түүнээсээ өөр шийдвэр гаргавал шараа болно биз дээ.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

Хуулбарласан 2017 оны 06 сарын 29-ны Пүрэв гараг

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*