Умард Солонгос цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүй

Умард Солонгос 6 дахь цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүй

АНУ-н тэнгисийн цэргйн байлдааны хөлгүүдээ Солонгосын хойгт илгээсний хариуд Умард Солонгос 6 дахь цөмийн туршилтад бэлдэж байж магадгүй тухай ажиглагчид таамаглаж байна.
Сансрын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан Умард Солонгосыг ажигладаг “38 North” гэх судалгааны бүлэг энэ тухай вэб хуудсандаа байршуулжээ.
Мөн тус улсад буй гадаадын сэтгүүлчид Умард Солонгосын иргэдэд ямар нэг “томоохон бөгөөд чухал үйл явдал”-д бэлэн байхыг анхааруулж байгаа тухай Рейторс агентлагийн мэдээнд дурьджээ.
Ажиглагчдийн үзэж буйгаар тус улсын цөмийн туршилтын талбай орчимд хөдөлгөөнд орж, удирдлагын төвд нь хүмүүс ирж байгааг үндэслэн ийм таамаглал гаргаж буй бололтой.

Харин тус улсыг хамгийн ойроос ажигладаг Өмнөд Солонгос энэ мэдээллийг үгүйсгэж байна. Өмнөд Солонгосын цэргийн дээгүүр албаны эх сурвалж дээрх мэдээллийг үгүйсгээд Умард Солонгосын тал ямар нэг түрэмгийллийн шинжтэй арга хэмжээ авахаар зэхэж буй хангалттай баримт одоогоор байхгүй байгааг онцолсон байна. Өмнөд Солонгосын баталж буйгаар Умард Солонгосуудын ийм хөдөлгөөн хэвийн үзэгдэлд тооцогдох бөгөөд урьдчилан зарлалгүйгээр пуужингийн туршилт явуулахад цэргийн албан хаагчид нь байнгын бэлэн байдалд байдаг тухай өгүүлж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлаад буцсан Хятадын дарга Ши Жинпин өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-н Ерөнхийлөгч Доналт Трамптай утсаар ярьж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг дуусгавар болгоход энхийн замыг сонгох байр суурьтай буйгаа илэрхийлж, энэ чиглэлд Вашингтонтой хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа нь хурцадмал байдлыг намжааж магадгүй байгаа юм. Хоёр ерөнхийлөгч нар утсаар ярихаас өмнөх өдөр АНУ-н Ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийж Умард Солонгосыг Хятадтай, Хядадгүй хяналтад оруулна гэдгийг дахин анхааруулсан билээ.
Харин АНУ-н байлдааны “USS Carl Vinson” хөлөг онгоц Солонгосын хойгт ирсэн даруйд буюу Даваа гарагт Умард Солонгосын тал мэдэгдэл гаргаж тус улсын эсрэг ямар нэгэн цэрэг дайны үйл ажиллагаа явуулсан нөхцөлд “…АНУ-д зохих хариуг хатуухан барина…” гэж мэдэгдээд байсан юм.

Дашрамд дурьдахад АНУ-н байлдааны “USS Carl Vinson” хөлөг онгоц нь олон чухал гэж болох цэрэг байлдааны үйл ажиллагаанд, үүний дотор “Цөлийн шуурга”, “Иракийн эрх чөлөө” зэрэг томоохон чухал үүрэг гүйцэтгэж байснаас гадна 2011 онд алан хядагч Осама Бин Ладенийг цогцсыг энэ хөлгийн тавцангаас далайд оршуулж байсан билээ. Өмнөд Солонгосын тэнгисийн хүчтэй хамтарсан сургуулилт хийгээд буй тус хөлөг Умард Солонгост сануулга өгөхөөр бусад дэмжих тэнгисийн хөлгүүдийн хамт Солонгосын хойгт зангуу хаяад байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*