Уянгын тойрог

Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захы нь түшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтэхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно
Гэрийнхээ доод бүслүүрээс дэмнэж
Гишгэж анх үзнэ, үр нь
Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
– Миний хүү хаа байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогы нь хонх хоржигнон
– Аан гэж хүү нь дуугарна
Амраг эхийн нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгий нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижий нь
Үйлэн шаглаа төөрнө
– Миний хүү хаа байна гэж
Мяндас ээрэн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
– Аан гэж хүү нь дуугарна
Ангир ижий нь хөх ивэлнэ
Хуруун чинээн үрийн нь
Хонхны дуу хэсэг алдарна
Зүстэй торгоны хээ хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдгэрнэ
– Миний хүү хаана байна гэж
Мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зүүн хаяа тушаа
– Аан гэж дуугарангаа
Газрын нар хүү нь
Үүдээр шагайна
Гайхамшгийг үүдэгч эхийн хөхнөөс
Сүү аяндаа асгарна
Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунаас уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тэгийг газарт зурна

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*