Цээжний бэлтрэг 

Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо ташуурдан хеөж явлаа.

Эр хүн шиг улаа бутарсан царайтай, биерхүү том говийн бор хүүхэн дөчөөд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал исгэрэв.

Шандын говийн өлөгчин чоно үүрнээсээ анчинг холдуулан теерүүлэх гэж гүзээ зуун гүвээ давж зугтдаг юм гэнэ билээ. Чингэснээр бэлтрэг нь амьд үлдэж, харин өөрөө анчны суманд оногдон арьсаа хуулуулах нь ч бий. Би тэр өлөгчин чоно лугаа адил эднийг үүрнээсээ төөрүүлэв. Алаг үр минь зүгээр өнгөрвөл, намайг яасан ч яах вэ хэмээн Догоо бодлоо.

Цаад шөнө нутгийн хэдэн сагсуу залуу тэднийд хоног тааруулан буужээ.
Буу шийдмээ гэр дээр тавьж, чамгүй балгаж дуу шуу орсон тэд шуудайтай юм барин орж ирэхдээ,
– Хайрханы өвөр нэгжиж, хэдэн бэлтрэг суйлаад олзтой омогтой явнаа. Борц нүдэж хоол хийж өг! Өлсөж үхлээ! хэмээн ахмад нэг нь хэлжээ. Шуудайнаас нялх бэлтрэгийн гийнах дуун зүрх зүсэн сонсогдлоо. Догоо нутгийн залууст юм хэлсэнгүй, гурил элдэж борцтой хоол гогод үнэртүүлэн хийв.
– Авдраа уудлачих! Цагаан сарын шавхруу байж юуны магад! хэмээн Налжир хэмээх гучаад насны хөлчүү эр захирлаа. Ууж согтохлоороо яахаас ч буцдаггүйг нь Догоо мэдэх тул орны ширгүүгээс хоёрын бидон савтай ингэний нэрмэл гаргаж ирэв.
– Болж байна. Зүйтэй шүү!
Налжир аяга барин ухасхийв. Хоол идэн гэдэс гарч, ингэний хатуу нэрмэл аягаар ууж дорхноо согтоод цаад хоёр нь ундуй сундуй унацгаав. Догоо гийнэн буй шуудайтай бэлтрэгнүүдийг өрөвдөн байж, ор засав.
– Унтаж амар даа Налжираа!
Налжир суганыхаа товчийг олохгүй гар нь салгалан тэмтэрч байх хэрнээ, бас хүүхэмсэж, Догоог лааны бүдэг гэрэлд өлөн нүдээр ирмэж аальгүйтэв. Энэ согтуу унтаад орхивол хэдэн бэлтрэгийг гадаа гаргамаар байв. Эх нь сүйд болж байгаа даа.
Налжир гэнэт лааг үлээн унтрааж, Догоог бариад авлаа. Догоо эсэргүүцэн тийчилжээ.
Чадал ид агссан эр хүний бахь шиг гараас мултарч чадмаар байсан ч , Догоогийн бяр заан согтуу эрийг өргөв.
– За битгий маягла! Эзэнгүй холын говьд эр хүний бараа харалгүй хагассан хувин шиг болсон байж … хэмээн Налжир могойн толгой шиг хүйтэн хуруугаараа эмзэг бүхнийг нь тэмтрэн архи ханхлуулан шивнэв.
Гэвч тэр санасандаа хүрч чадалгүй Догоод өргүүлэн зүүн ор, авдрын дундах хөндийд толгойгоороо чихүүлэв. Догоо зугтан гарч, амьсгаа давчидсан Налжир ёолон дуу алдах үед гэнэт гадаа нь чоно улив. Yрээ алдсан өлөгчний хүн шиг уйлан гиншин улих нь өрөвдмөөр байв.
Налжир арайхийн босч зассан орон дээр гарч тэр дороо хурхираад унав. Догоо гэрээс саахалт хэр газарт ойрхон эргэж улих өлөгчин эхийн дууг сонсон нуруу нь хүйт оргин гадаа суув. Yүр хаяарах үеэр тэр бослоо. Сэгсийн арзайсан үсээ илж Догоо мөнөөх шуудайтай бэлтрэгнүүдийг гэрээс авч гараад, гэрээс холдуулан тавив. Нүдээ нээгээгүй шахам нялх амьтас элсэн дээгүүр бударганы ёроолоор тарж явлаа. Гэнэт сүр сархийн, хаанаас ч юм, сэрвээ өндөртэй том өлөгчин чоно түүний дээгуур харайх шахам дүүлэв. Өлөгчин эх хэдэн бэлтрэгний дундаас нэгийг шүүрэн зууж, алтан харганын бутан дундуур гялсхийн алга боллоо Энэ сацуу ч буун дуун гарав.
– Энэ муу гичий! Аа муу өлөгчин! Зах дээр их үнэ хүргэж амьдаар нь зарах гэсэн хайран олзыг минь тавиад туучихлаа! хэмээн хорвоогийн хамаг хараалыг хаман яншсаар согтуу Налжир зогсож байлаа .

* * *

Байгаль ертөнцийн жам хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Буян хийснийг нь бурхан таалав уу. чоно гэгч ухаантай амьтан болохоор бүгдийг эс гэхнээ, ганц хайртай бэлтрэгээ шүүрэн авахад найр тавьж өгсөн Догоог хайрлав уу, чингэдгээрээ догдолж орхив. Тэр хүүгийнхээ эцгийг санах дургүй билээ. Түр зуурын амраг ч бай: хоноцын төдий амьтан ч бай, ямар ч л гэсэн түүнийг эх хүн болгож алаг сайхан үрээ орхисон нь л үнэн юм. Цаанаа хань ижилтэйг нь мэдсээр байж, зуны шөне гэрийнхээ үүдийг, хөнжлийнхөө сэжүүрийг Догоо нээсэн. Эм хүний хувьд яаж ч болдоггүй жамаар эрийг хүсч, түүнтэй энгэр зөрүүлээд хожмоо хөл хүндтэй болсноо мэдээд баярласан … Хүүгээ Догоо бүхнээс харамлах тул, эцэг нь ирээд аваад явна гэвэл яах билээ.
Цолмон хөвгүүн нь сургуульд орлоо. Сумын төвөөс гурван өртөөчийн газар байх Шандын говиосоо, хамаг гэр бараагаа эзэнгүй орхин хүүгээ сургуульд хүргэж өгөхдөө сүүлчийн бэлтрэгээ суйлуулсан өлөгчин чоно адил сэтгэл дотроо Догоо уйлж явлаа. Дотуур байрны шавар байшингийн гадаа бүртийтэл зогсоод уйлж үлдсэн алаг үрээ тэрвээр бодохоос л байж сууж чадахгүй байлаа. Yсэглэл үзэж овоо нэг юм уншиж, тоо бодохтой болмогц нь Догоо хүүгээ сургуулиас нь булаан одов. Хүүгүйгээр амьдарч эс чаджээ.
Тэр цагаас хойш арван жил өнгөрев. Хүү нь өсч: Хайрхан уулын хүрэн бүргэд шиг эр болов. Догоо Шандын говиосоо яваад өгч болох л байсан. Гээч тэрбээр хүүгээ алдахаас айж байлаа. Эр хүн юм чинь үе тэнгийн бүсгүйд сэтгэл татагдвал яана?
Хөгшин эхийг орхиод хүүхэн дагаад явчихвал Догоогийн тэнгэр хөмрөх байлгүй.
Хүү нь хоёр хоног гэртээ ирсэнгүй. Нээрээ ямар нэгэн сэгсгэр үст эм Цолмонг нь булааж байгаа юм биш байгаа?… Yгүй, үр нь хүрээд л ирэх ёстой. Тэр эхээсээ юугаа ч нуудаггүй шүү Хэрэв хэн нэгэн бүсгүйд сэтгэл алдсан бол эхдээ хэлж л таарна.
Догоо зөөлөн галаар сүүгээ дахиад нэгэнтээ халааж, сайхан өрөм загсаах гэж эрэгнэг дээрээ тавилаа. Хүү нь өрмөнд дуртай билээ Чингээд хэдийгээр урьд шөнө хүүгээ ирнэ хэмээн хоол хийсэн нь хэвээрээ байсан авч борц нүдэн дэвтээв. Өөрөө хүйтэн гурилтай хоолон дээр цай хийж идлээ.
Сэтгэл нь гэнэт зовж орхив. Yр нь зүгээр л яваа байгаа даа? Морь харнаасаа унаагүй байгаа? Уг нь архи амсдаггүй л юмсан. Yеийн харцуул тааралдаж архиар шахуулаад согтож буруу хазгай явдал болоогүй биз дээ?
Догоо зөрүү хараат дурангаа авч гадаа гарлаа. тэрбээр орой наранд толгодын сүүдэр хүүшлэн буй их говийн уужим руу дурандлаа. Юу ч харагдсангүй…

* * *

Догоо аргалд явлаа, шээзгий үүрч, голио дэвхрэг шаагин байх толгодын энгэрээр хатсан хөх хомоол, тэмээний хоргол түүв. Морин төвөргөөн сонсдох шиг. Байз … Хүү нь хөтөл гүвээ даван ихэд яаран довтолгож ирэв. Холбоотой хоёр морь хөтөлжээ. Өндөр зоотой дэлийг нь зассан сайхан хээр морь, сайвар алхаатай борлог ийм хоёр сайхан морь эр хүний шохоорхол татам хүлгүүд байлаа. Энэ морьдыг худалдан авсан юм болов уу? Юунд морио усан хулгана болтол давхина вэ? Хүнээс зугтсан юм шиг …
Догоог яав ийв гэж асуух завдалгүйгээр Цолмон хөлд нь унаж,
– Ээж минь хүмүүс намайг барих гэж хөөж явна. Би яалт ч үгүй шоронд орох нь . Энэ хоёр сайхан морийг” хулуусан минь үнэн … Ээжээ би одоо яана аа? Тэр хүмүүс одоохон хүрээд ирнэ дээ! гэж уйлан дэвхцэв.
Догоогийн нүд том болж, цохилууртаа алх хүргүүлсэн ямаа шиг нэгэн хэсэг балмагдсанаа “Yгүй үгүй! Алаг үрээ тэдэнд өгөх гэж үү? Энэ муу хоёр сөдрөгнөөс болж шоронд хатаах гэж үү?” хэмээн бачимдан бодлоо. Чингэтэл яг энэ үед Шандын говийн заган дундуур гарсан хесгийн замаар гурван морьтон давхин гарч ирэх нь харагджээ. Догоо хүүгээ босгож, шээзгийтэй аргалаа үүрүүлээд өөрөө хөлстэй моринд нь шалавхийн мордож, мөнөөхөн холбоотой хоёр адууг хөтлөн давхин одлоо.
– Yгүй дээ, хүүгээ шоронд орохыг үзсэнээс үхсэн минь дээр, Ичихгүй бол хөгшин эх намайг тэр шорондоо хийвэл ч хийг!

* * *

Шандын говийн бүр алсад, заган шугуй өнгөрч баймааж гурван морьтон Догоог гүйцэн очжээ Догоо яаралгүй, морины сүүл хөдөлгөх төдий сажлуулсхийн тэднийг хүлээжээ. Налжир ч, хам нөхөд нь ч морь хөтлөсөн хулгайчийг гүйцэн очоод Догоог байхад учиргүй гайхав.
– За хүүхдүүд хаа хүрэх нь вэ? Өчигдөрхөн манайхаас мордоогүй бил үү? хэмээн Догоо ажиг ч үгүй асуув.
– Гэртээ харьсан чинь морьдийг минь хулгай хөөжээ! хэмээн Налжир ядарсан дуугаар хэлж
– Эзнийг нь олох санаатай явна хэмээв
– Намайг л барьж дээ …
Догоог ингэж хэлэхэд нөгөө гурав бие бие рүүгээ гайхан харцгаав.
– Та хулгайлсан юм гэж үү дээ?
– Тийм би! Сайхан морьд нүдэнд тусаад байхлаар нь авчихсан юм.
– Арай үгүй байлгүй дээ.
Одоо үзвэл, мөнөөхөн бэлтрэгний ангуучид морио ч сольж амжсангүй. Хол газраас усан хулгана болтол нь давхиулсан морьдын хөх мах чичирч, хелс нь чим чим дуслан шороон дээр унаж байв. Энэ морьд зогсох шахжээ.
Налжир мориноосоо буулаа. Нөгөө хоёр ч дуурайжээ. Нар аажмаар баруун зүгийн толгодын цаагуур шингэж байв. Чингэтэл гэнэт нүдний буланд нэг юм гялсхийх шиг болов. Алтан харгана, бударганы өндөр бутны цаахнуур чонын хоёр соотойсон чих үзэгдээд алга боллоо. Догоогийн дотор хүйт оргиж ирлээ. Нөгөө залуучууд чоныг анзаарсангүй. Налжир богцноос боривтой айраг гарган, амаараа савируулан, энгэр рүүгээ асган байж залгиллаа.
– Морьд зогсчихжээ. Хэн хэн маань ядарч дээ. Эндээ хонож тэнхэл авахаас … хэмээн хэнд хэлж буйг бүү мэд, Налжир тодхон гэгч хэлээд боривтой айргийг цаадуулдаа агч, гаансаа, гарган үлээв.
– Тэгээд та морьдийг авсан чинь үнэн юм биз дээ?
– Yнээн … Би юу гэж худлаа хэлэх билээ …
Залуучууд үл итгэсэн харцаар харж, боривтой айраг залгилцгаан ядарсандаа ногоон дээр тэрий хадан унацгаав
Энэ шөнө Налжир, найзтайгаа элбэн, Догоог хэдийнээ өширхсөн тэрбээр эм хүнийх нь хувьд бүрэн дээрэлхэн эзэмдэв. Харин нялхаараа шахуу гураа дахь залуу нь ойртсон ч үгүй билээ. Морьд хулуусны нь төлөө гэж далимдуулах мэт тэр нэг шөнө өврөө нээгээгүйд хорсож Налжир, Шандын говийн дөч гарсан авгайг тохуурхан залуу эр хүнийхээ ааг омгийг гаргасаар бүр ядарч шөнө дунд согтуу мэт унав…
Чингээд тэр чигээрээ хурхирч гарлаа. Хамаг бие балбуулсан мэт өвдөн, хүүгийн хийсэн үйлийн үрийг өөрийгөө золин үрж барсандаа Догоо бие сэтгэлээр шаналан байвч морьд үргэн хамраа дуутаргаж, газар цавчлахыг чих сортосхийн анзаарлаа. Тэрбээр бослоо. Тушаатай мориндоо очиж, олмоо чангалан аяархан мордов. Догоо хүмүүсээс зөөлхөн алхуулан холдмогц, заган шугуй дундуур давхин одлоо.

* * *

Өглөө нойрмоглосхийн босоод Налжир байж болшгүй үзэгдлийг харан амандаа хараав. Yзэхүл, зогсон шахсан морьдийг ч, хулгайд хөөгдсөн холбоотой хоёр адууг ч шөнөөр чоно хэдийнээ урж эд бад хийсэн байлаа. Шувуу эргэж, цус шархны үнэр ханхи тавих ажээ.
Налжир эмээлээ үүрээд хам нөхөдтэйгээ явган буцахаас аргагүй болов.
Мөнгөн баавартай, ясан хяртай, хүнд төмер дөрөөтэй гоё эмээлээ үүрээд загийн шугуйн дундуур хөлсөө урсган алхах Налжир нэг эргэж харахдаа, араас нь бэлтрэгээ тэдэнд алдсан өлөгчин чоно хараа барааны газраас сэм даган явааг мэджээ. Налжирын оройны үс босох шиг болж, нуруун дээгүүр нь том том морин шоргоолж гүйлдэх шиг санагдахуй, хэдхэн хоногийн өмнө, чонын үүрнээс бэлтрэг суйлахдаа туниа муутай хоёрыг нь хаданд нүдийг нь бүлтэртэл шавхуурдан алснаа санаж амжлаа. Бусдыг нь шуудайлж амьдаар нь гэртээ аваачсан билээ.
Одоо гэтэл хийсэн нүглийн нь гор гарч, чононд бариулах цаг ирэх нь энэ үү хэмээн зүрх балбалзан айн чичирч бодлоо. Өлөгчин эх чоно дагасаар л байв …

Д.Гармаа

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*