Мөсөн чихэр

Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж. ихэнхдээ хол ойрыг эргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа.
Хотны захад унтаж хэвтсэн хөгшин халтар нохой унаа тэмээнийх нь гав хийх дуунаар сэрж хоёр гурав хөв хөвхийн сулхан хуцсан болж эзнээ чимээлээд босож ирсэн ч үгүй цавиндаа хошуугаа шургуулан цагираглав.
“Хүн өтлөхөөр хамаг юм нь цуг өтөлж, өгөршдөг юм шив дээ. Дулам эгчийн халтар нохойны байж байгаа царайг. Yнхэлцгийн чинээхэн бор гэр нь ч гэсэн өөвийгөөд уулын нөмөртэй тулдаа л хаврын хавсарганд уначихдаггүй бололтой” гэж Болд бодсоор тэмээнийхээ хааг даган гулгаж буулаа. Дулам авгай товь малгайгаа засаж, буурал санчигныхаа сөрвийсөн хэдэн үсийг илсээр гарч ирэв. Тэд мэнд хүндийн үг зөрүүлэн гэрт орцгоолоо.
– Урд хөндийг туулах гэж өдөржин зүтгүүлээ биз дээ. Амаргүй, амаргүй. Өвлийн богино өдөр сумын төвөөс нар битүү гарахгүй бол харанхуй болчихдог юм, Хаврын урт шар өдөр тулдаа л энэ зэргийн гэгээтэйд ирж. Ундаасч, өлсөж яваа байлгүй, хөөрхий гэсээр Дулам авгай гал түлж, тогоо тальбин цай үйлээ.
– Эгч минь нутгийн захад ганц гэрээр дөрвөн цагийг элээх хэцүү биш үү? Ирвэс, чоно гээд хэдэн хонь, ямаанаас тань шоглохгүй байна уу?
– Аав, ээж минь болсон нутаг даа. Хайрханы нөмрөөс холдох гэхээр сэтгэл өнчрөх юм шиг санагдаад болдоггүй юм. Дээдсийн минь нутаг, хөөрхий. Алтайн амьтад авах ёстойгоо авч л байдаг юм. Өгөлгүй яахав. Илүү шоглохгүй шүү.
– Малд тань тарилга хийх гэж явнаа.
– Яах нь вэ дээ. хүү минь. Манай хэд тарилгатай, тарилгагүй болж л байдаг юм.
– Тэгж болохгүй ээ, эгч минь.
– Yгүй яах вэ, эгч нь дургүйцсэн юм алга. Чамайг л хаврын хөх салхинд унаа биеэ найгуулан наашаа зүтгэж харшиж ядраад яах нь вэ дээ л гэж хайрлаж байгаа ухаантай юм.
– Би ойлгож байнаа. Тэгэхдээ орхичихвол та надад гомдох биш үү?
– Дүүдээ яахан гомдох вэ. Гээд хүн гэдэг өөнтөгч амьтан даа. Ирэхгүй бол нээрээ гомдох юм болов уу?
Тэд ийн ярилцаж суутал цай даргилан буцалж, ааг нь гэр дүүрэн ханхийхүй газрын холд ядарч ундаассан Болдод тун ч таатай байлаа. Дулам авгай гаднаас гүзээний булан цагаан тос оруулж ирээд түүнээсээ хагалан аяганд арвайн гурилтай багсран дараад цай хийж зочиндоо өглөө.
– Хүний ханьтай цайлах сайхан байдаг юм гэсээр Дулам авгай ч арвайн гурил аягандаа дарж аваад цай уулаа. Хүний ханьтай цайлахын үнэ цэнг ч гэхүү сайхныг ганцаардаж ганихарсан хүн л мэднэ. Гучаадхан настай залуу Болд ойлгох нь бүү хэл тэрхүү үгсийг анзаарсан ч үгүй.
Дулам авгай тавь жараад хонь, ямаатай. Тэр хэд нь өөрсдөө өглөө бэлчээд орой хотлоод сурчихсан аж.
Аагтай цай, цагаан тостой арвайн гурилын ид шидээр Болдын алжаал дорхноо тайлагдав. Ээж нь алжааж ядарч байгаад сайхан цай уухаараа “Бие тавирч, нүд онгойлоо байна” гэдгийг санаж мушилзаад “Нээрээ л нүд онгойх шиг болдог юм байна даа” гэж бодлоо. Гэр дотор гэгээ нэмчихсэн шиг юм юм тодхон харагдана. Хоймрын хуучин ширмэл ширдэгний уг нь улаан даавуугаар өнгөлсөн сэмэрхий эмжээр дээр тавьсан бор модон тагш дотор зээрийн тойгон чинээ ногоон чулуу, бүгээн цайны шавхруу байх нь үзэгдэнэ. Тэрхүү ногоон чулуу бас цагаан судалтай аж. Чулууг Болд таньж байлаа.
“ “ “
1936 оны өвөл ажээ. Болд тэгэхэд таван настай байлаа. Нутгийн хэдэн айлынхан хадны ламд мөргөнө хэмээн явцгаажээ. Аав ээж хоёр нь Болдыг дүүтэй нь нэг нэг арагт сэгсүүргэн дээлээр ороон суулгаж тэмээнд тэгнээд мөргөлчидтэй хамтрав. Зам зуур хэд хонож. даарч зутран их л хол газар туулсан санагдана. Яагаад ч заавал хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд нялх нойтноо авч тийн зүтгэцгээсэн юм, бүү мэд. Тэгэхэд энэ Дулам авгай цэл залуухан, ёстой арван тавны төгрөг цагаан саран мэт өнгө жавхаатай гялбалзсан сайхан амьтан эр нөхөртэйгээ цуг явсан аж. Нөхөр нь улаан Балдан гэж тасхийсэн жаварт уур савсуулсан уул шиг ханхар эр байлаа. Тэрнийхээ нөмөрт Дулам бүсгүй жаргалтай царайлан, мөнөөх “… ижил хоёр шувуу шиг …” гэдэг шиг явж байсан нь Болдын нүднээ өнөө үзэгдэх шиг болов.
Багын юм санаа сэтгэлд тодхон үлддэг хойно доо. Уур савсуулсан улаан Балдангийн нөмөрт яваа болохоороо Дулам даарахгүй сайхан байх шиг Болдод санагдаж:
– Би Балдан ахын хажууд, Дулам эгчтэй цуг явъя хэмээн аав, ээжээсээ гуйсанд:
– Чамайг тийшээ явчихлаар дүү чинь арагтайгаа уначихна шүү дээ. Та хоёрыг тэнцүүлж тэгнэсэн байхгүй юу гэж ээж нь учирлав. Тэдний яриаг сонссон Дулам жигтэйхэн баярлаж;
– Яасан сайхан бэлэгтэй юм, Балдаан! Хүүгийн хэлэхийг сонсов уу? Хүүхэд зөнтэй гэдэг. Зорьсон хэрэг бүтэх нь ээ! Алив миний дүү эгч дээрээ хүрээд ир. Цэ эгч ээ, миний даалинтайг Болдын сууж байгаа арагт түр хийгээд тэнцүүлчих, тэгэх үү хэмээн ээжээс нь хичээнгүйлэн гуйж билээ. Улаан Балдан том том цагаан шүд яралзуулан мишээж:
– Цэ эгч ээ, Загаа ах аа тэгээч, Болд маань бидэнтэй хамт жаахан яваг гэж давхар гуйсанд аав, ээж хоёр нь бие бие рүүгээ их л учиртай харах шиг болоод зөвшөөрч байсан ажээ.
Болд хүү Дулам хүүхний өмнүүр сууж улаан Балдангийн нөмөрт хэсэгхэн явж билээ. Тэнд нээрээ их дулаахан байх шиг санагдаж байлаа. Дулам эгч нь мань эрд хэдэн мөсөн чихэр өгч “Сайн хүү. Эгчийнх нь насны ганц хүсэл биелэх нь дээ” гэж зөөлөн дулаан амьсгаагаар чих сэрвэгнүүлэн хэлж байж билээ.
Яг л Зүйлийн тунгалаг голын мөсний хэлтэрхий гэлтэй гялтганаж гялалзсан өнгөтэй хэдэн ширхэг чихэр Дулам эгч нь Болд хүүд өгчээ. Тийм чихрийг “мөсөн чихэр” гэцгээх бөгөөд чухам л “нүдний гэм” ажгуу. Болд мөсөн чихэр хүлхэж. зүйргүй сайхан амтанд нь арааных нь шүлс аяндаа асгаран савирч, бүхнийг мартан жаргаж билээ.
Зам зуур айлын бараа харагдвал улаан Балдан, эсвэл Болдын аав, үгүй бол Зундуй заан гэх мэтчилэн эрчүүдээс нэг нь цас манарган жонжуулж, тэшүүлж хүрээд хадны ламтанг сураглаж ирдэг байлаа, Томчуулын үгийг сонсвол тэр ламбугай залгаа аймгийн нутагт суудаг ажээ. Дуулж мэдээгүй уул, усны нэр хэлэлцэн амьтан хүн, айл хунараас асууж заалгаж явсаар нэг орой зорьсон газраа хүрцгээн сэрийж сүүхийлцсэн сүрлэг их хадтай уулын бэлд бууцгаан хоноглов.
Маргааш өглөө нь уяхан замбуутивийн нарны гэрэл уулын оройг гийгүүлэн, улайрч шаргалтан мандахын үес эцэг нь дурандаад:
– За та минь шалавхан хөдөлцгөөе! Ламтан дээшилсэн бололтой. Уулын тэхий дунд хавьцаагаас шингэн цэнхэр утаа гарч байна. Бодвол манзаа барих гэж байгаа биз гэвээ.
Мөргөлчид явганаар аахилан уухилан зүтгүүлсээр очвол хадны агуйд амьдардаг өвгөн ламтан манзаа барьж суулаа. тэд дор бурнээ хадаг дэлгэн ламбугайн амрыг айлтган мөргөж. мутраас нь адис хүртэн ихэд сүсэлцгээв. Дараа нь өргөл юугаа бариад тус тусын хүсэл гуйлтаа хэлцгээж байсан санагдана.
Тэр ламтан даяанчлах гээчийг хийж суугаа ажээ. Даарч, зутарч л байдаг бололтой байлаа. Адис хүртээж байхыг нь ажиглахад мутар нь этгээд хар, хумс нь уртаа ургасан, хиртэй байсныг Болд сонирхож байж билээ.
Улаан Балдан, Дулам хоёр ламтнаас үрийн хутаг гуйн мөргөжээ. Тэгэхэд ламтан богийн тойгон чинээ ногоон чулуу өгч:
– Yүнийг аягандаа хийгээд цай, хоолоо ууж, идэж байгтун. Нэгэн цагт үр заяана гэж итгэлтэй хэлэхийг Болд сонсож зогсчээ. Харин тэрхүү чулууг мөсөн чихэр гэж бодсон аж. Тэгээд “Мөсөн чихэр бас ногоон өнгөтэй байдаг байх нь ээ” гэж ихэд гайхсан амой. Буудалласан газар луугаа буцаж явах зуураа:
– Ламбугай Дулам эгчид мөсөн чихэр өгөөд бид нарт яагаад өгсөнгүй вэ хэмээн гомдоллож томчуулыг инээлдүүлж байсан ажээ. Хадны ламтны хайрласан чулууны ид шидийг үзэлгүй бараг гурван жил болж байтал улаан Балдан Халхын голын байлдаанд яваад эргэж ирсэнгүй. Дулам хань ижлээ үрэгдсэнийг сонсоод дээлтэйгээ хатаж явахдаа айлаас нэг хүү өргөж авчээ. Тэр нь одоо Улаанбаатар хотод сурдаг хоёр гурван жилийн дараа хүний их эмч болоод ирэх учиртай аж.
“ “ “
Дээрхийг дурсан суусан Болд.
– Таны аяган доторхи ногоон чулууг одоо үзвэл цагаан судалтай юмаа. Эсвэл зүлгэгдэж мөлийсөөр сүүлдээ судал гарч ирсэн юм уу гэвэл Дулам авгай:
– Хэтээсээ судалтай байсан юмаа. Чиний мөсөн чихэр гэж андуурах үед шороо нь угаагдаж арилаагүй байсан биз гээд инээмсэглэснээ цээжний гүнээс сүүрс алдаад бодлогоширов.
– Та одоо болтол … гэтэл.
– Тийм ээ, одоо болтол аяганаасаа салгадаггүй юм. Тэгж мөргөл хийж явах үед би цанхны хуучтай байсан юм. Yр заяагаагүй ч өвчин арилсан. Ер нь доторт сайн бололтой юм билээ. Доторт сайн болохоор нь аяганаасаа салгадаггүй юм бас бишээ. Yүнийг хараад бүрлээчийгээ дурсаж суудаг ухаантай юм л даа гэлээ.
– Жижигхэн ч болчихсон юм шиг… хэмээвээс
– Элэгдсээн, элэгдсэн. Чулууг чулуу дийлдэггүй ус л дийлдэг гэсэн үгтэй юм даа гэснээ нэг юм санав бололтой Болдын нүүр өөд эгцлэн их л чухалчилсан янзтай хараад:
– Эгч нь Балтад /хотод суудаг өргөмөл хүү нь/ нэг зүйл захисан юм. Хүү маань хол яваа болохоор миний захиасыг биелүүлэхэд бас хэцүү. Дүүдээ давхар захья. Хүн хэзээ нүд анихаа мэдэх биш. Юм болбол Балт та хоёрын хэн ойр байсан нь энэ “мөсөн чихрийг” гээд чулууг зааснаа миний аманд хийгээд нутаглуулаарай гэлээ.

Б.Ганбат. 2002 он

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*