Хачин хүн

Нэг

– Тунсаа минь өнөөдөр яасан халуун өдөр гэгч вэ?
– Намрын шар нар гэдэг чинь энэ дээ. Чи костюмаа тайлаад сэрүүцэж үз. Наваан минь.
– Баярлалаа хө. Аймгийн гудамжаар хэд алхсан чинь халуунд шатаад жихтэйхэн, гол дээр очиж усанд орчихоод эргээд ирлээ. Танай энд чинь ийм эрт намар болдоггүй юм байгаа биз дээ?
– Царцаахай дуугараад намрын шинж орж байна. Наваан манай аймгийн төв ямар шүү санагдаж байна?
– Энд, тэндгүй шинэ хороолол, шинэ гуанз, ресторан баригдсан сайхан хот байна. Нэг онцлог нь гудамж талбай, эргэн тойронгүй ой модоор бүрхсэн аргагүй сайхан хангай газар юмаа.
– Тэгэхдээ манай Улаанбаатарыг яаж гүйцэх вэ дээ?
– Хэмжээгээрээ бага ч гэсэн орчин үеийн томоохон хотын шинжтэй болсон газар байна. Тунсаг аа танайхаас энэ зүүн тийшээ айл амьтан байна уу, үгүй юу?
– Байхгүй. Манай байшингийн энэ үзүүрээс эхлээд цаашаа туж ой. Зүүн тийшээ нэг километр хиртэй явахаар “Баавгайтын хар нуур” гэдэг том нуур бий. Тэнд очвол ямар сайхан гэж санана? Тэр нуур луу Бургастын гол, Хайлаастын гол цутгадаг, бас Хүрэмтийн гол гэдэг чинь эндээс эх авдаг юм. Наваан чи загас барьдаг уу?
– Yгүй, загас барихаар өрөвдөөд байдаг юм.
– Чи их өрөвчхөн сэтгэлтэй хүн байх нээ? …
– Би багаасаа тарвага, зурам, нохой шувуу алах дургүй хүн.
– Тийм улс тааралддаг юм, Баавгайтын хар нуур гэдэг чинь загасаараа алдартай нуур даа. Эргэн дээр нь очихоор загас гэж шоргоолж шиг язганаж байдаг юм.
– Сэрээнэн та нар эргэн тойрон хуш, нарсан ой дотор нуурынхаа дэргэд, голынхоо эргэн дээр мөн ч жаргалтай суудаг улс юм аа.
– Зүгээр шүү. Мартсанаас чи яагаад Хоролжаваасаа салсан юм бэ?
– Нэг л мэдэхэд өөр хүнтэй болсон байсан. Тэр надаас болоогүй байх аа.
– Аа тийм үү?… Тэгээд чи л хайр халамжгүй байсан хэрэг.
– Хүүхнүүдийн ухааныг дотор нь орсон биш гадарлахгүй юм даа. “Чамтай тохирохоо болилоо, одоо саллаа” л гэсэн,
– Та хоёроос хүүхэд гараагүй юу?
– Гараагүй, түүнээсээ ч болсон юм уу, сүүлийн үед дургүй л болсон дог… Мэдэхгүй юм аа…
– Эмэгтэй хүн дургүй болноо гэдэг чинь эр нөхөр нь хайрлаж, энхрийлэхээ больсны тэмдэг байж мэдэх юм шүү. За тэр тийм байдаг байж. Наваан минь захиалсан умбарсан улаан шаргал цайгий чинь чаналаа. Уугаарай.
– Их баярлалаа найз минь.
– Наадах өрөм ааруулаасаа ид, энэ бяслаг байна. Аягандаа боорцог хийлгэнэ үү?
– Одоо хэрэггүй, дараа авъя.
– Наваан чи амралтаа дуусаад буцах уу?
– Буцахгүй ч байж мэднэ, сайн шийдээгүй…
– Хотынхоо тэр сайхан байр байшинг орхичихоод энэ бөглүү хөдөө газар сууна гэж үү?
– Танай энд хотоос ялгаа юу байх вэ? нэг л гэм нь хотоос хол юм. Бодон байж болно доо.
– Чи байраа эхнэртээ өгөөгүй биз дээ?
– Yгүй, Хоролжав шинэ хар хүнтэйгээ Толгойтын хороололд орсон гэнэлээ. Манай нэг дүү хүүхнийх хоёр өрөөнд нь би нэг том өрөөндөө сууж байгаа ухаантай.
– Та нар тэгээд нэлээн хэдийн салсан болж байна уу?
– Өнгөрсөн жилийн намар. Тунсаг чинь цай чанахын мастер хүүхэн юм аа.
– Нэг зүйл ч гэсэн санаанд чинь тохирсон нь яамай даа. Цай хийлгэ хийлгэ, ахиж хоёр гурван литр уусан ч байна.
– Зүгээр, зүгээр байзнаж байгаад нэг аяга уумз. Чи тэр жилээс хойш хот ороогүй биз?
– Yгүй, нийслэлийн бараа хараагүй болсоор 12 жил өнгөрлөө. Айдаа цаг хугацаа гэдэг чинь мөн ч амархан юм даа. Тэгэхэд ч би Сэрээнэнтэй дөнгөж суугаад залуухан байжээ.
– Одоо ч гэсэн залуугаараа л байна шүү дээ.
– Нээрээ би хөгширсөн байгаа биз?
– Яалаа гэж, хорин хэдэт шиг л гялалзаж байна…
– Тэр ч арай юу юм бэ? харин танай хуучин эхнэр чинь л царай зүс, нуруу туруу сайтай хот газрын хээнцэр хүүхэн харагдана лээ. Гучин хоёр, гурваас хэтрээгүй биз?
– Энэ жил гучин гуравтай
– Тэгж таарнаа, надаас ганц хоёр дүү байх учиртай.
– Сэрээнэн ирэх болоогүй юм бол уу?
– Цаадах чинь бас нэг ажлын хэнхэгтэй амьтан аягүй бол долоо наймаас өмнө ч ирэхгүй байж мэднэ.
– Тэр баавгайтын нуурыг чинь очиж үзэх юмсан.
– Чи одоо явъя гэж үү?
– Харин нь…
– Олохгүй байж мэднэ, би газарчилж өгье.
– Сэрээнэн ирнэ, чи хоолоо хийж байна биз.
– Ээ дээ мэдэхгүй, цаадах чинь юу гэж бодох юм билээ?
– Сэрээнэн чамтай яваа болохоор элдэв өнгийн юм санахгүй.
– Айлчилж ирж нэг хоноод эхнэрий нь дагуулаад хүн амьтангүй шивэр ой дотуур зугаална гэдэг чинь нөгөө талаар нь бодсон хүн эвгүй сэтгэгдэл төрүүлж мэдэх юм шүү.
– Наваан минь битгий зов, харин тийшээ жимстэй байдаг юм. Жижиг цагаан сав аваад явъя.
– Эмэгтэй хүн зориглоод байхад эр хүн хулчийгаад ч яахав. За хө Тунсаг минь хөдлөе дөө.
– Yнэн үг, шар тос
– Наадах цагаан савыг чинь би барья,
– Тэг тэг баярлалаа.

Хоёр

– За Наваан минь барь, барь
– Одоо нэг юмны төлөө ууя, яаж хоосон уух вэ?
– Тэр үнэн үг шүү. Бид чинь юу юуны төлөө уулаа?
– Их л олон юмны төлөө уусан юмсан. Тунсагийнхаа төлөө хундага өргөөгүй байхаа.
– Мартаж орхиж, хөөш Тунсаг аа? Чиний төлөө уух гээд байна, нааш ир?
– Юу гэнээ?
– Нааш ир, Наваан чиний төлөө хундага өргөх гээд байна, энэ хундагыг барьж үз.
– Миний төлөө бараг эхлээд шахуу бас нэг хундага өргөсөн шүү дээ.
– Зүгээр, зүгээр. Эмэгтэй хүний төлөө хэдэн удаа ч өргөж болно. За Тунсаг минь чиний эрүүл мэндийн төлөө.
– Их баярлалаа. Наваан.
– Эхнэрийнхээ төлөө хоёр дахь хундагаа өргөе.
– Их баярлалаа.
– Наваан чамд нэг сонин зураг үзүүлье… Чи энэ зургийг санаж байна уу? Хонгор минь.
– Аль вэ хө… Энэ чинь бид дөрвийн амралт дээр хамт авахуулсан зураг байх чинь вэ, ёстой түүхийн баримт гэгч мөн байна даа.
– Мөн аягүй залуухан байгаа хэрэг шүү… Сэрээнэн бид хоёр суугаад дөнгөж жил болж байсан, Хоролжав та нар нийлээд удаагүй байсан байх.
– Тийм ээ, удаагүй байсан цаг…
– Уучлаарай, би явж хэдэн буузаа чимхэе,
– Бид туслалцаж өгөх үү?
– Хэрэггүй, хэрэггүй сууж л бай.
– Наваан чи чинь одоо Хоролжавыг хаясан юм уу, хаягдсан юм уу. Яагаад салсан хэрэг вэ?
– Хаяад залуу хар хүнтэй суусан…
– Чамайг яалаа гэж голж байгаа юм бэ?
– Манай Хоролжав чинь гуч хүрээд л маяг орчихсон хүүхэн дээ. Түүнээс өмнө зүгээр л байсан юм…
– Өвгөөн энэ хүүхнүүд чинь гуч дөхөөд ирэхээрээ л явдалтай болдог гэж ортой шүү… Тэр үед нь л чангахан шиг атгаж байхгүй бол тавиад туучиж мэдэх юм шүү дээ.
– Магадгүй л юм…
– Чи амгалан амьтан болохоороо тэр үед нь Хоролжавыг сулхан барьж байгаад сураггүй алдчихсан хэрэг…
– Нэгэнт сэтгэлгүй болсон хүнийг албадаж суугаад ч яахав дээ, тэгээд л явуулчихсан.
– Мартсанаас өнөөдөр би трестийн даргатай чиний талаар ярьсан.
– Юу гэж байна?
– Чамайг мэргэжлийн чинь дагуу үйлдвэрийн хэлтсийн даргаар авах саналаа би ярьсан, дарга маргааш уулзъя гэж байдаг шүү, надтай хамт очоорой.
– Yгүй, үгүй би угаасаа барилгачин хүн, тоосгочин юмуу, шаварчин, будагчин л хийнэ.
– Yгүй чи чинь хотод мөн энэ мэргэжлээр үйлдвэр, санхүүгийн хэлтсийн дарга, төлөвлөгөөний хэлтсийн даргаар удсан дээд мэргэжилтэй эдийн засагч хүн шүү дээ.
– Арав гаруй жил бичиг цаасны ажил хийлээ, одоо биеийн хөдөлмөр хийнэ, ер нь танай эндэх шиг хангай газар барилга дээр ажиллах юм бол бүр сайхан.
– Чи тэгээд ажилчин болъё гэж үү?
– Ажилчнаас илүү алдар хүндтэй хүн хаана байна? Би багаасаа хар ажилд дуртай.
– Ээ дээ мэдэхгүй хар ажилчин болно гэдэг чинь бүх талаараа хүндхэн шүү дээ Наваан минь?
– Зүгээр, алийн болгон зөөлөн, хөнгөн ажил хийх вэ? Хүндхэн тусмаа сайн.
– Чи одоо эхнэр хүүхэдгүй ганцаараа, бас ажилчин болно… Амь зуухад хялбаргүй дээ.
– Өө санаа зоволтгүй, би зургаан жил барилгачин байсан болоод байдаг юм зүгээр.

Гурав

– Орж болох уу?
– Наваан орооч дээ. Надтай уулзах гэж явна уу?
– Тийм ээ, уулзах хэрэг байна.
– Суугаад ярь л даа, юун тухай тэр вэ?
– Өөрөө өчигдрийн хурал дээд мастер Батсуурийн талаар нэлээд хатуу ярьсан шүү дээ, тэр чинь…
– Хатуу ярих байтугай халах ёстой байсан юм…
– Сэрээнэн минь тийм бишээ, өнгөрсөн сар ажлын зохион байгуулалт, удирдаж байсан Батсуурийн муугаас төлөвлөгөө тасалсан гэж чи шүүмжилсэн. Тэр чинь үнэнээ хэлэхэд зуурмагийн материалаар тасраад бүтэн долоо хоног ажилгүй сууцгаасан, Батсуурийн буруу биш, харин трестийн удирдлага тухайлбал чиний ажлын хариуцлагагүйгээс болсон хэрэг шүү дээ.
– Трестийн хэмжээгээр тасарсан юм чинь…
– Тэгээд Батсуурийн буруу байдаг юм уу, хамгийн гол нь Трестийн үйлдвэр санхүү, материал хангамжийг хариуцаж байгаагийн хувьд чиний л буруу. Би иймэрхүү ажлыг удирдаж явсан болохоор хаана доголдол, алдагдал байна гэдгийг сайн мэдэж байна.
– Чи намайг шүүмжлэх гэж орж ирээ юу?
– Шүүмжлэх ч юу байх вэ? ер нь трестийн ажилчид өөрийн чинь трестийн дарга, ерөнхий инженертэйгээ адил хүндэлдэггүй л юм шиг байна. Энэ талаар бодох хэрэгтэй. Бид олон жил бие биенээ сайн мэдэх, хамт суралцаж байсны хувьд хэлмээр санагдсан юм.
– Над тал муутай улс ч бий. Шаардлага тавихаар хэл ам гаргадаг, угаасаа салан задгай байдалд дассан улс манайд нэлээн бий. Тэд нартай би олон жил тэмцэл хийж байгаа хүн, чи шинэ ирсэн болоод сайн мэдэхгүй байна.
– Тийм ч байж магадгүй. Гэхдээ шаардлага, улсын эрх ашгийн үүднээс л байх ёстой.
– Тэр зүйтэй.
– Сэрээнэн минь удирдах ажил хийж байгаа та нар ажилчдыг хайрлаж ахуй амьдралы нь харж хандаж байх хэрэгтэй юм шүү. Жишээлбэл манай бригадын Жамбалсүрэн, Доной, Намшир гээд л хэд хэдэн ажилчид нүүрс, түлээгүй, гэрийн давхарлага муутай юм ярьж байна лээ.
– Нүүрс түлээний гэрээ албан газартай хийсэн, харин өнөөдөр санасан дэрээ ярилцая байз уу?
– Эвгүй юм хэлсэн байвал уучлаарай.
– Зүгээр зүгээр.

Дөрөв

– Сэрээнэн чи мах хөшиглөх үү, гурил зуурах уу?
– Би аль алийг нь хийж амжихгүй, гүйцэтгэх захиргаан дээр хуралтай одоо явлаа.
– Тэгвэл би хоолоо бэлтгэж байя.
– Тунсаг удахгүй ирнэ, эхнэрүүдийн хийдэг гал тогооны ажилд эр улс хутгалдаад ямар хэрэг байна! Өнөөдөр чамтай дарга уулзав уу?
– Дуудлаа гэсэн, очсон чинь алга байна лээ.
– Маргааш заавал уулзаарай, чухал асуудалтай.
– Ямар асуудал?
– Чиний талаар би саналаа хэлсэн, дарга бүрэн дүүрэн дэмжиж байгаа…
– Батсуурийн аманд итгэх юм биш, тэр чинь нэг суурин дээр хэд дахин эргэж хургадаг ихээхэн зальтай эр байхгүй юу? Тэгэхээр Наваан минь дотночилж ярих зүйл байна, чи наашаа суугаад тамхиа тат. Ашгүй эхнэрийг ирээгүй дээр ярьж авъя.
– Тийм нууц яриа юм уу?
– Нууц ч юу байх вэ? гэхдээ чи бид нарын хувийн хоорондын чухал яриа… Чиний ажиллаж байсан албан газрын ажлын тодорхойлолтыг манай дарга, аймгийн намын хороонд танилцуулсан байна лээ. Тэгээд ер нь дарга бид хоёр өөрий чинь одоогоор үйлдвэрийн хэлтсийн даргаар тавина гэж шийдсэн. Дарга маань ирэх намар намын дээд сургуульд явахаар болж байгаа…
– Тэгээд?
– Тэгээд дарга, намайг орондоо тавиад чамайг миний ширээн дээр залах төлөвлөгөөтэй байна. Чамаас нуух юм алга, чи бид хоёр хамт нэг ангид оюутан байлаа, түүнээс хойш хийгүй сайхан нөхөрлөж дотно танилцлаа. Зан, зангаа сайн мэдэхийн хувьд хоёулаа энэ трестийг гартаа авъя.
– Yйлдвэрийн хэлтсийн дарга Лувсандэндэвийг ямар ажилд өгөх гэж байгаа юм бэ?
– Ажил унагаасан учир тушаал бууруулж, мастер болгохоор тохиролцсон.
– Батсуурийн оронд уу?
– Тиймээ, Батсуурийн оронд, Батсуурийг хүсэлтээр нь хална.
– Нөхөр минь энэ чинь буруу асуудал.
– Яагаад буруу гэж?
– Батсуурь шиг тийм сайн ажиллагаатай, шударга мэргэжлийн ажилчныг халаад оронд нь намайг дэвшүүлнэ гэдэг чинь таарахгүй, дэмий ажил…
– Чамайг Батсуурийн оронд тавих гээгүй байна шүү дээ.
– Шууд түүний оронд биш ч гэсэн, намайг хэлтсийн дарга болгохын далимаар Батсуурийг зайлуулж байгаа хэрэг…
– Ээ дээ Наваан минь, Наваан минь зургаа, долоохон сар ажиллачихаад манай трестийнхний нарийн явдлыг гадарлах болоогүй байна. Ажилчдын дотор удирдлагын нэр хүндийг бууруулахыг оролддог, хэл ам гаргадаг, хоосон шүүмжилж сүржигнэдэг мастер Батсуурь барилгын техник Жамбалжамц нараар толгойлуулсан бүлэг байгаа юм. Хэрвээ чи бид нар шиг санаа нийлсэн улс хамтын удирдлагатайгаар ажиллавал бусдыг уруу татагч тэр бүлгийг тас цохиход төлөөгүй амархан.
– Тэр хамтын удирдлага гэдэгт чинь би орж чадахгүй.
– Хүн учры нь хэлээд байхад чи ямар хачин хүн бэ?
– Хачин юу байх вэ? Энэ баримталж байгаа шугам чинь буруу байна…
– Жишээлбэл: юу нь буруу байна гэж?
– Тэр Батсуурь, Жамбалжамц нарын хэсэг ажилчид өнгөрсөн жилийн тайлангийн хурал дээр, бас үйлдвэрчний хорооны хурал дээр ч гэсэн трестийн хэмжээгээр оршиж байгаа дутагдлыг хэлээд чамайг зохион байгуулж чадахгүй байна, биеийн жаргалыг бодохоос биш ажил хийхгүй байна гээд л шүүмжилсэн. Ажлын эрх ашгийн төлөө зөв шүүмжилсэн хүмүүсээ халаад “бүлэг” гэж тас цохиод байвал эцэстээ юу болох вэ?
– Чи ийм хандлагатай байгаа бол над хэлэх юм алга…
– Сэрээнэн минь бухимдсаны хэрэггүй. Yнэн байдал ийм л байна.
– За за болъё, явах цаг ч болчихлоо.
– Их бага удирдах ажил хийж байгаа улс, хүнийг гомдоож л болдоггүй юм. Би ч бас энэ гашуун туршлагыг биеэрээ үзсэн хүн…
– Нэг үгээр хэлбэл чи миний саналыг дэмжихгүй л байгаа биз дээ.
– Би бол ажилчин хүн, өөрийнхөө саналыг л хэлж байна. Магадгүй манай трестийн бүх ажилчид ч ийм бодолтой байж мэднэ. Чи сая үйлдвэрийн хэлтсийн дарга Лувсандэндэвийг тушаал бууруулна гэж байна. Тэр чинь бүх талаараа ажилчдын дотор их нэр хүндтэй дарга шүү.
– Ямар ч болсон маргааш даргатай уулзаарай.
– Уулзаад ч нэмэргүй байх аа даа…
– Тунсаг ч ирлээ. Би явъя.
– Цай чинь халлаа, уухгүй юм уу?
– Уухгүй, уухгүй…
– За манай Наваанаар сонин юу байна?
– Юмгүй хө. Чи хоршоогоор ороо юу?
– Тарган мах байна, гурван кило авлаа. Сэрээнэн ууртай гарч явах чинь, та хоёр түнжин хагараагүй биз?
– Яалаа гэж. Олон жилийн найз нар гэдэг чинь ам зөрнө гэж байдаггүй юм шүү дээ. Би гурил зуурах уу?
– Тэг тэг чи хоол хийхдээ надаас дээр юм гээч.
– Дээр нь ч юу юм бэ, ойр зуурын юм хийгээд л байдаг юм. Найз минь цайнаасаа уу, халуун байгаа. Дараа нь би махаа хөшиглөж орхиё.
– Гэртээ өөрөө хоолоо хийдэг биз?
– Бараг л тийм, заримдаа Хоролжав ч хийдэг л байсан.
– Чи Хоролжавыг их эрхлүүлж байж толгой дээрээ гаргачихсан хүн юм аа даа.
– Яаж байна?
– Хоол, унд гэр орныхоо бүх ажлыг өөрөө хийсээр байгаад дэндүү эрхлүүлчихсэн байх… Эхнэртээ их бууж өгвөл эцэстээ ганцаараа үлдэнэ гэгч энэ дээ Наваан минь.
– Yнэний хувь бий дэг шүү… Танай Сэрээнэн гэрийн ажилд хир вэ?
– Зуун хувь нооль. Чи нэг удаа хоол хийж байхы нь харсан уу?
– Хараагүй.
– Манай Сэрээнэн ч ажил төрөл байхгүй, ааш зан сайнгүй ер нь тиймхэн л хүн. Нэгэнтээ ханилчихсан юм, одоо болсон хойно салалтай биш… Хөөш Наваан чамаас нэг зүйл асууя байз, болох уу?
– Асуу, юу асуух гээв?
– Чи ер нь яах гэж манай энд ирсэн хүн бэ?
– Аж төрөх гэж…
-Худлаа, чамайг нэг л юм сэтгэлийг чинь зовоогоод байх шиг байна. Өөр хүүхэнд хайртай болсон юм уу? Нэг л шалтгаан байна…
– Чи хаанаас мэдээ вэ, Тунсаг аа?
– Чамайг энэ хугацаанд ажиглаад л байгаа юм… Муу Тунсаа чинь тийм ч их мулгуу хүүхэн биш шүү… Чи хэлээч дээ…
– Тэр их нарийн учиртай, чи мэдэхгүй…
– Нарийн учры нь гадарлаад байна, найздаа хэлчих…
– Манай ажлын газар Цэвээнсүрэн гэдэг нэг хүүхэн байдаг юм, бид олон жил хамт ажилласан улс.
– Хар хүнтэй юм уу?
– Гэр бүлтэй, нэг охинтой.
– Насаар залуухан хүүхэн үү?
– Энэ жил 29 настай.
– Тэгээд та нар суухаар ян тан тохиролцсон хэрэг үү? Цаадах чинь хар хүнээсээ салж байгаа юм уу?
– Yгүй, үгүй би салгах гэж байгаа юм биш, харин намайг хотод байвал Цэвээнсүрэн хар хүнээсээ салчиж магадгүй болоод байгаа юм… Тэгээд би бусдын гэр бүлийг үймүүлснийхээ оронд өөрөө холдож байгаа минь энэ.
– Худлаа, худлаа. Чамайг байхгүй хойгуур цаадах хүүхэн чинь салдаг, жилийн дараа ч юм уу чи эргэж очоод суудаг, ийм л хэлэлцээртэй нууц янагууд байна.
– Чин үнэнээсээ ярихад ийм учиртай юм, чи итгэвэл итгэ байвал бай, бусдын гэр бүл үймүүлэх шиг эвгүй юм байхгүй.
– Ээ дээ мэдэхгүй, нууц янаг гэдэг чинь их л хүчтэй байдаг юм гэнэ лээ дээ…

Тав

– Наваан минь чи явахаар шийдээд байна уу?
– Явна. Танайд чинь бүтэн найман сар суулаа, над их тус боллоо, та хоёртоо их баярлалаа.
– Манайхаас гараад хаана суух болж байна, байр олсон уу?
– Барилгын ажилчдын байранд нэг өрөө өгсөн.
– Сэрээнэн та нарын хооронд юм болоогүй биз, Цаанаа нэг л биш…
– Найз улсын хооронд юу болов гэж…За миний чемодан бэлэн болчихлоо.
– Чамайг ийм түргэн явна гэж санасангүй. Наваан минь чамд би дасчихжээ… Өнөөх Цэвээнсүрэнгээс чинь сурагтай юу?
– Сураггүй, би хаашаа явахаа хэлээгүй юм чинь яаж сураг гарах вэ дээ.
– Энэ хооронд захиа бичээгүй юм уу?
– Хоёрын хооронд бичиж сэтгэлий нь үймүүлэх ямар ашиг байна.
– Та хоёр хоорондоо их сайн байхаа. Тийм үү?
– Нэг дор хамт ажиллаж бие биендээ дассан л улс…
– Наваан чи ер нь жинхэнэ дурлаж үзсэн үү?
– Хэлэхэд хэцүү л байна. Хоролжавт бол дурлаж л байсан… Тунсаг минь хайр дурлалгүйгээр хүн гэдэг чинь амьдарч болох ч үгүй чадах ч үгүй.
– Би ч бас тэгж л санадаг. Миний сэтгэлийг чи даанч ойлгохгүй байна. Сэрээнэн ирж байх шиг байна.
– Сэрээнэн хуралтай байсан юм болов уу? Юун их удах юм.
– Тийм ээ, хуралтай байсан юм. Дараа нь дарга нар ажилтай гэнэ лээ. Тарсан юм байж л дээ. За баяртай Тунсаг минь.
– Наваан минь ингээд яваад өглөө гэж үү?
– Танай ам өрхөнд багтаагүй болохоор явахаас биш яахав.
– Сэрээнэнтэй уулзаж яв, би яриад өгье… Өө Сэрээнэн ч ороод ирлээ. Чи яагаад оройтоо вэ?
– Ажилтай.
– Наваан маань явах гэнэ.
– За бүгдээрээ баяртай. Их баярлалаа. Би эртхэн дөхье.
– Баяртай.
– Сэрээнэн! Чи чинь Навааныг яасан царай өгөлгүй гаргаж орхив оо? Ядаж нэг манж үг ч гэсэн хэлдэг байгаа даа.
– Ямар ч үг хэлэлтгүй өөрөө сайн мэднэ…
– Хувцас хунар, царай зүс чинь яачихаа вэ? Бие чинь өвдөө юу?
– Өнөөдөр ажлаасаа авахуулчихлаа…
– Юу? Орлогч даргаасаа авахуулчихлаа гэж үү?
– Тийм ээ, бүтэн найман жил хийгээд өнөөдөр халагдлаа. Тунсагаа цаадах хундаганаас аваад ирээч хө.
– Архи ууж явах нь вэ?
– Дуугүй л аваад ир. Өнөөдөр мөн их цухалдаж уур хүрлээ гэм…
– Юунд цухалдаа вэ? Хэн чамайг халаа вэ?
– Манай дээр ардын хяналт шалгалтынхан хэд хоног ажиллаж байгаад өнөөдөр хуралдуулсан юм. Олон хүн шүүмжилсэн хамгийн голы нь Наваан л хийчихлээ.
– Наваан уу даа? Хүнд гэм хиймгүй л хүнсэн дээ.
– Ёстой найзгүй эр юм, нэг сайхан дөнгүүллээ.
– Наваан ер нь зөв л үг хэлдэг хүн, чиний л буруу байгаа байх.
– Чи ханилсан нөхрөө уначихаад байхад юунд шар Навааныг өмөөрч сүйд болоод байгаа юм бэ?
– Өмөөрсөн юм алга, санаснаа л ярьж байна. Наадах чинь ус биш архи шүү дээ, битгий залгилж орхи.
– Зүгээр, сэтгэлээ засч байна.
– Чиний оронд ямар хүн томилогдсон бэ?
– Уг нь Навааныг томилох гэсэн нь өөрөө татгалзсан юм билээ. Тэгэхээр нь үйлдвэрийн хэлтсийн Лувсандэндэв гэдэг дүйнгэ толгойтой нэг юмыг тавихаар болсон. Тэр бид хоёр ч таваглахгүй ажил байхаа.
– Чи ямар ажил хийхээр болов оо?
– Бүү мэд… Нэг ажил шүү юм өгнө л биз.
– Танайхан тэгвэл Навааныг үнэлж байгаа юм биз дээ.
– Наваан үнэд орж би сохор зоосны өртөггүй болж байгаа юм байхаа. Чи ер нь юу гэж Навааныг магтаад байгаа юм бэ?
– Хэн магтсан юм бэ? Чи өөрөө л Навааныг дэвшүүлэх гэсэн татгалзаа гээ биз дээ.
– Өөрөө дэвшихгүй мөртлөө өрөөл бусдыгаа ингэдэг мөн хачин хүн шүү…
– Хачин биш ээ. Харин ухаантай хүн байна. Миний өвгөн нөхдөдөө битгий муу юм сана. Цаадах чинь чамайг сайн яваасай гэсэндээ л шүүмжилсэн байх.
– Хоол хийвэл идлээ, хийхгүй бол унтлаа.
– Өвгөн минь согтож орхиж. Түр амарч бай. Хоол болохоор сэрээе.
– Тунсагаа!
– Юу вэ?
– Чи одоо надаас сална биз дээ?
– Яалаа гэж салдаг юм бэ. Дуугүй унтаж үз.
– Ажил ч үгүй, цалин ч үгүй ядарсан амьтантай суугаад яахав. Чамайг зовоохын нэмэр. Явбал явж болно…
– Сэрээнэн минь, өвгөн минь чамайг хичнээн ядрах тусам муу Тунсаа чинь салах байтугай улам хайртай болно.
– Ай даа ийм сайн эхнэртэй байсан цагт би юунаас ч айх вэ дээ.
– Yнэн үг шар тос.
– Хайр сэтгэлтэй л бол хамаг хэрэг бүтнэ.
– Залуу халуун насандаа ханилсан улс чинь хайртай байлгүй яахав дээ. Миний өвгөн сэтгэлээ тайвширч үз!

Д.Дорж

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*