Үнэ, үнэг хоёр хөөгөөд

Ардчилсан нам шинэчлэлийн Засгийн газар улс төр, эдийн засгийн өндөрлөгийг эзлэж аваад харсан чинь хуучны эрх баригчид дээр, дооргүй сүлбэлдэж бүгдээрээ ямар нэгэн барааны ченж, мафи, шахааны бизнесийн сүлжээ болчихсон байв.


Үүнээс болоод өртөг хямд ямар ч өргөн хэрэглээний бараа худалдан авагчид очихдоо үнэ нь хэд дахин нугарч тэнгэрт хаддаг байна. Өргөн хэрэглээний бараа ялангуяа бензин, мах, гурилаас эхлээд газар, түлээ нүүрс, сургалтын төлбөр, барилгын материал хүртэл дундаас нь ашиг унагадаг мафиуд үнийг хянаж байжээ. Төрийн алба гэдэг зүгээр л цалин авсан хажуугаар нь ямар нэгэн бараа шахаж амьдралаа дээшлүүлдэг ченж нар. Ардчилсан нам ийм дүгнэлтэд хүрчээ. Тухайн салбараас ченжүүдийг шахан гаргачих юм бол инфляци буурч үнэ тогтворжино гэж тооцжээ. Үнэн ч байж магадгүй. Гэхдээ үнэтэй ноцолдоно гэдэг зах зээлийн хуулиар бол хориотой мэх. Үнэг гэдэг амьтныг хөөсөн туршлага муутай нохойтой адил хуурагдаж онхолдож мэднэ. Гэхдээ яая гэхэв. Засгийн газар үнэ хөөгөөд эхэлчихжээ.

О.МАГНАЙ БЕНЗИНИЙ ҮНЭ ХӨӨВ

Ирээдүйтэй улстөрч гэгддэг залуу дарга О.Магнай бензиний үнэ рүү хамцуй шамлан орлоо. Магнай нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд 17 тэрбум төгрөгийн торгууль оноосныг нь хүчингүй болгосныг хуулиар сэргээлгээд тэдний хандыг хага дарна гэсэн нь андуурал болжээ. Монголын нефтийг Оросын бага гарынхан МАН-ын том гарын луйварчидтай хуйвалдан үнийн зөрүүн дээр биднийг цөлмөж суудаг гэдгийг Магнай дарга дутуу үнэлсэн бололтой. Дэлхийд нефтийн үнэ хямдраад, Орос улс бусад оронд нийлүүлдэг нефтийнхээ гаалийн үнийг нэмээгүй байхад манайхыг чангалж үнийг нь нэмнэ гэсэн дохио өглөө. Энэ нь улс дамжсан найрамдалт ах дүү мафийнхан Ардчилсан намын Засгийн газар, Магнай хоёроо та нар биднээр битгий оролдоод байгаарай нэг л өдөр Эрхүү хавьд ганц крант хаана шүү гэсэн анхааруулга болов. Одоо Нефтийн мафийн эсрэг Засгийн газар гараа өргөхдөө тулаад байна. Аргаа ядахдаа нефтийн үнийг тогтвортой байлгахад 167 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боллоо. Тэгээд ч дийлэхгүй байхаа даа.

НҮҮРСНИЙ ҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Л.ГАНСҮХ ХӨӨВ

Засгийн газар нүүрсэн дээр тооцоо хийв. Ганц тор нүүрс жижиглэнгээр 3200 төгрөгөөр хэрэглэгчдэд очиж дундаас нь ченжүүд түхийдэг сүлжээг задлахаар шийджээ. Ерөнхий сайд Багануур дүүрэгт очоод хоёр луйварчны нүүрс олборлох лицензийг цуцлав. Энэ өвөлдөө утаа ч дүүрчээ. Хөлдөж үхүүлэлгүй өвөлжүүлье гэж ахлах зөвлөхөөрөө ахлуулан тор нүүрсний үнээр бүтэн шуудай нүүрс авч болох том операци зарлаад байна. Энэ бас л буруудаж байна. Хэрэглэгчид утаатай нүүрс л гэнэ, гэрт оруулж өгсөнгүй л гэнэ өнөө ченжүүдийн явуулгаар бөөн эсэргүүцэлтэй тулав. Гэвч замаас нь ажиллахгүй бол гадаадаас валютаар авдаггүй өөрснөө ухаж гаргадаг тулдаа үнийг нь хөөгөөд гүйцэж байна.

МАХНЫ ЧЕНЖҮҮДИЙГ ШАТААСАН НЬ

Малаар баян гэж гайхуулдаг мөртлөө, Европоос үнэтэй мах идэж байгаа гэж нийслэлчүүд үргэлж хэл ам таталдаг. Учрыг судлаад үзсэн чинь нийслэлийнхэнд “махны мафи” хүртэл бий болчихсон юмсанжээ. Нийслэлийхний махны нөөц бүрдүүлнэ гээд төсвөөс мөнгө аваад зах зээлийн үнээр нийлүүлж нөгөө бүрдүүлсэн нөөц нь аманд ч үгүй, хамарт ч үгүй өнгөрдөг байж дээ. Засгийн газар мөн л махны үнэтэй хөөцөлдөж эхлэв. Махны хөтөлбөр амжилттай хэрэгжвэл бид хямд мах идэж махны ченжүүдийн түрийвчээ түнтийлгэдэг 87 тэрбум төгрөгөөр ченжүүд хохирч иргэд хожино гэсэн үг. Махны үнийг хөөгөөд дийлж байж магадгүй юм.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ГУРИЛДЧИХГҮЙ БОЛ

Монголд гурил үйлдвэрлэгчид гурилын мафи атрын гуравдугаар аян гэсэн нэртэй шоу хийдэг. Харин гурилын бизнесмэнүүд Орос, Хятадаас хямд гурил зөөж бид иддэг байв. Засгийн газар нэг кг гурилыг 550 төгрөгнөөс хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Гурил үйлдвэрлэгчдийн мафийн толгойлогчтой ингэж тохирсон байна. Улаан буудайг нь барьцаалан зээл олгох арга олжээ. Гурилын үнийг барьж байхын тулд 61 тэрбум төгрөг босгох хэрэгтэй. Энэ мөнгийг олох шаардлага яах аргагүй тулгарна. Гурилын үнийг хөөхөд бас хэцүү. Цаг агаар гэж бий, эрх нь дэндсэн үр тарианы аж ахуй эрхэлдэг компаниудаас шалтгаалах хэрэг. Засгийн газар гадаад гурил хааж дотоодын гурилаа тэтгэнэ. Ахиад л компаниуд мөнгө өгөхгүй бол гахайн будаа нийлүүлнэ гэж айлгана. Бас амаргүй зүйл амлаж авсан даа. Цэвэр зах зээлийн хуулиар бол чөлөөт өрсөлдөөнөөр үнэ тогтдог. Өрсөлдөөн бол шударга байх ёстой. Харин манай зах зээл дээр гол нэрийн бүтээгдэхүүний хувьд өрсөлдөөн үгүй шууд мафи маягийн сүлжээний хяналтад байжээ. Иргэд бидэнд дээрх бүтээгдэхүүнүүдийг хямдхаан нийлүүлэх бололцоо байсаар байтал манай хашрууд ченж, мафи болж хэд дахин өсгөсөн юм чинь үнэ хөөцөлдөж ажлынхаа гарааг эхэлсэн Засгийн газрын буруу байхгүй. Гэвч үнэ хөөх үнэг хөөх хоёр онхолдох аюултай даа. Засгийн газар үнэтэй тэмцэнэ гэдэг чинь алдагдалд орсон мафийнхантай тэмцэнэ гэсэн үг. Үнийн зөрүүн дээр ажилладаг мафиуд жил дутам 500-гаад тэрбум төгрөгөөр шатна гэсэн үг. Харин иргэд бол хожно. Үнийг хөөх, үнийг барих нь иргэдээ муу зан сургах, шатсан мафийнхны өшөө авалттай тулгарна гэсэн үг . Яая гэхэв.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*