Арслан хотын адтай эзэн

Шийдэмгий, ухаалаг, дасан зохицох чадвартай олон удирдагчид XX, XXI зууны түүхэнд нэрээ мөнхөлсөн, мөнхөлж байгаа. Тэдний дотор биет үлгэр болох нэгэн эрхэм эдүгээ ч амьд сэрүүн байж, ирээдүй хойч үедээ улс төрийн арвин баялаг туршлагаа харамгүй өвлүүлнэ.


Тэр бол үндэсний соёлоо дээдлэх үзэлтэн, өрнийн соёлд хамгийн ихээр нэвтрэгч, секуляр үзлийг баримтлагч, Азийн “өрнөжилт”-ийг үндэслэгч, Азийн универсализмыг номлогч Харри Ли буюу Ли Куан Ю гэгч билээ.

Кембрижийн их сургуулийн хуулийн боловсрол эзэмшсэн, английн цэргийн офицер явсан, өрнөжсөн энэ хятад хүн колонийн колони улс үндэстнээ тусгаар тогтнуулах, удирдан жолоодохын тулд үндэсний үзлээ дээдлэн, өрнийн соёлоос татгалзаж эхэлсэн ба төрийн жолоог атгамагцаа өвөг дээдсийнхээ соёл, зан заншилд эргэн орж, аажмаар хувь хүний чанар, овог нэр, хувцаслалт, ёс суртахуун, заншлын тухай ойлголтоо өөрчилжээ. Ийн хувьссаар английн хууль цаазны мэргэжилтэн Харри Ли нь Ли Куан Ю болж, мандарин хэл эзэмшээд күнзийн суртлыг шийдвэртэй хамгаалагч болж төрөл арилжжээ.

1950 оноос нутагтаа өмгөөлөгч, үйлдвэрчний хөдөлгөөний идэвхтэн явсан Ли Куан Ю мөдхөн Ард түмний үйл ажиллагаа намаа байгуулж Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 1959 онд засгийн эрхэнд 35 настайдаа гарсан ба тасралтгүй 31 жил тэр албыг хашсан үзүүлэлтээрээ бол дэлхийн Ерөнхий сайд нарын дотор толгой цохино. 1990—2004 онд өөрийн шавь, залгамжлагч Го Чок Тонгийн Засгийн газарт ахлах сайд, 2004 оноос хүү Ли Сянь Лунгийн Засгийн газарт халамжлагч сайдын алба хашиж буй. Ли Куан Ю-гийн намтарт сонин содон баримтууд чамгүй бий. 1959 оноос өнөөг хүртэл сайд хийж байна. Ахлах сайд, халамжлагч сайд гэсэн албан тушаалыг зөвхөн түүнд зориулан бий болгосон. Анх коммунистуудтай эвсэн Нэгдмэл фронт байгуулан сонгуульд ялж байсан, мөдхөн зам салсан. Бараг тэдэнтэйгээ иргэний дайн хийхээ шахсан. Сингапурын ирээдүйг Малайзын холбооны улсын хүрээнд шийдэхээр 1963 онд Малайзад нэгдээд жил бололгүй холбооноос буцааж улсаа гаргасан. Энэ явдлаа занганд орсон үе хэмээн өөрөө үздэг. Үндэстэн–арьсан, шашинтан хоорондын мөргөлдөөнөөс зайлж чадсан. 1973 оны олон улсын нефтийн хямралыг Сингапурт ашигтайгаар эргүүлж чадсан. Анх түүнийг Ерөнхий сайдаар очиж байх үед хүн ам тутамд ногдох ДНБ-ий хэмжээ 400 ам.доллар байсан бол 1990 онд халаагаа өгч байх үед 12 200 ам.доллар болсон гэх мэт.

Ли Куан Ю-гийн удирдлага дор Сингапур нь гурав дахь ертөнцийн ядуу орны статусаа үүрд халан, шинэчлэгдэхийн үлгэр үзүүлэн дэлхийн хамгийн баян орны нэг болж чаджээ. Түүгээрээ “Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэх хөгжлийн тусгай загвар, “Сингапурын стандарт” гэгчийг буй болгож дэлхийн түүхнээ мөнхөрчээ.

Үнэндээ ч намган дээрхи арлын хэсэгхэн газар, загасчдын жижигхэн тосгон, барилга барих ширхэг элс ч байхгүй, уух хэрэглэх усаа Малайз, Индонезоос зөөвөрлөдөг, жишвээс манай нэг аймгийн дундаж нэг сумын нутгаас жижигхэн буйд нутагт (640 ам дөрвөлжин км) манай хойд хөрш Оросоос 5 дахин их ДНБ үйлдвэрлэж буй орныг хэрхэн бүтээ вэ? Ли Куан Ю-гийн түүх, Сингапурын түүх бол тэр чигтээ төр улс, улс гэрээ бүтээн байгуулж босгосон түүх гэлтэй.

“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдэг нь хэрэг дээрээ Азийн хөгжлийн загвар хэмээн тэрээр үздэг. “Азийн универсализм” гэдэг нь үндсэндээ энэ аж. Сингапурчууд эдийн засгийн үсрэнгүй ололт амжилтаараа бахархан, амжилтад хүрсэн нууцаа соёлынхоо онцлогтой холбож үздэг. 1990-ээд оны эх гэхэд Зүүн Азийн “бар улсууд” эрчээ авч, “Сингапурын соёлын давшилт” гэгчээр хүч сэлбэсэн юм. Ли Куан Ю өөрөө улсынхаа хөгжил дэвшлийг өрнийнхтэй харьцуулан үзээд, чухамдаа күнзийн соёл, иргэншлийн давуу тал, түүний ачаар л азийнхан амжилтад хүрсэн хэмээн бараг тунхагладаг. Күнзийн сургаалийн үнэт зүйлс–дэг журам, сахилга бат, гэр бүлээ дээдлэх үзэл, хөдөлмөрч зан чанар, хамт олонч үзэл нь Сингапурын амжилтын үндэс байсаар ирсэн бол өрнийнхний хөгжлийг сааруулсан шалтгаан нь хэт эрх чөлөөтэй байдал, бие хүнийг хэт шүтэх, дэглэмээ үл хүндэтгэх үзэл, гэмт хэрэг, үнэ цэнэ багатай боловсрол, оюун санааны ядуурал гэж тэрээр үздэг. Үүгээрээ Азийн соёл нь өрнийн соёл, түүний үеэ өнгөрөөж байгаа нийгмийн тогтолцооноос хавьгүй дээр гэнэ.

Зүүн Азийн амжилтын үндэс нь Зүүн Азийн соёлын онцлогт тулгуурласан хамт олонч үзлийг бие хүний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж ажилладагт оршино. Япон, солонгос, тайвань, хонконг, сингапурчууд ийнхүү хамтын үнэ цэнэ, хамтач ажиллагаагаа хөгжлийнхөө үндэс гэж үзэж бахархах хэрэгтэй хэмээн Ли Куан Ю дүгнэж байна. Соёлын онцлогт тулгуурласан үнэт зүйлсийн гол мөн чанар нь бүлгийн ашиг сонирхлыг ганц хүний ашиг сонирхлоос дээгүүр тавьж, ингэснээрээ эдийн засгийн эрс өсөлтийг хангахад шаардлагатай хүчин чармайлтыг тийм бүлгүүдээс гаргуулж чадсанд орших аж. Тиймдээ ч сингапурчуудын ажлын ёс зүй нь дэг журам, тэсвэр тэвчээр, хөдөлмөрч зан чанарт нь шингэсэн байдаг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд нь тэр ёс зүй түлхэх хүч болж өгсөн ажгуу.

Түүний нотлож байгаагаар Япон бол хөгжлийн загвар нь бас биш гэнэ. Японы нийгэм цагаачдад таагүй ханддаг, ганц өөрийн шашнаа дээдэлдэг зэрэг нь Сингапурт зөв үлгэр үзүүлэхгүй, харин Сингапурыг орчных нь хөршүүд болох Хонконг, Куала-Лумпур, Бангкок, Манила, Жакартатай жиших хэрэгтэй. Гаднаас ажиллах хүч, цагаачдыг хүлээн авахдаа авьяас мэдлэгийг нь чухалчлах, тэд орж ирсэнээрээ сингапурын оршин суугчдад ямар тустай зүйл хийх вэ гэдгээр хэмжих хэрэгтэй гэж тэрээр ярьдаг. “Хөгжлийн гайхамшиг” гэдэгтээ Ли Куан Ю хөгжлийн хурдыг ямагт чухалчилдаг. Хөгжил удааширвал ажлын байр хумигдах, цалин буурах гэхчлэн хасах үзүүлэлт нэмэгдэнэ. Байгалийн нөөц баялаг байхгүйг хурдаар, оюун ухаанаар, мэдлэгээр, сахилга батаар нөхнө гэж Ли Куан Ю зөвлөж байна. Нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг зөв шингээх чадавхи, үр ашиг, итгэл найдварын хүчээр дэлхийн томхон бараг бүх компаниудыг Сингапур руу даллан дуудаж чадсан. Нефть, байгалий хий байхгүй атлаа тус оронд нефть боловсруулах болон нефть–химийн цогцолборуудыг байгуулсан. Учир нь 1973 онд арабын орнууд нефтийн эмбарго тавьмагц дэлхий эрчим хүчний томхон хямралд нэрвэгдсэн, барууны орнуудад нефть хадгалах агуулахууд хэрэг болмогц далайд гарцтай Сингапур хаалгаа тэдэнд нээсэн. Энэчлэн дэлхийд санхүү хямарвал Сингапурын бирж, банкууд нөөцөнд байж байна.

“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдэгт нь хүний хөгжил тэргүүн байр эзэлнэ. Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн Банк, ОУВС-ийн хэмжүүрээр тус улс маш өндөр үзүүлэлттэй. Ардчилал гэдгийг улс төрийн ил өрсөлдөөн, чөлөөт хэвлэл гэдгээр хязгаарлах ба хүн амын 40-50 хувьд нь дундаж ангийг барьж байх хэрэгтэй гэж үздэг. Freedom House, Amnesty International-ын рейтингээр энэ орны нэр хүнд тааруухан. Учир нь цаазаар авах ялтай …

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*