Ж.БАТЗАНДАН: ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛНӨ

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам эрх баригч хүчин байхдаа “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй“ гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Гэтэл одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх. Цөөнх болонгуутаа байр сууринаасаа ухарч байгаа юм уу?

-Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дотор Ардын намын бүлэгтэй санал зөрөлдөж байгаа хэд, хэдэн заалт бий. Тухайлбал, УИХ-ын харьяанд Төрийн хяналтын хороо байгуулах тухай асуудал юм.

Социализмын үед Ардын хянан шалгах хороо гэж байсан. Түүний нэгэн адил ард түмнийг дарамталдаг, айлгадаг хороо байгуулахыг дэмжихгүй. Төрийн хяналтын хороог ямар зорилгоор байгуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой.

Сумын Засаг дарга нарыг ард түмнээс сонгодог байх ёстой. Энэ зарчим суух ёстой.

Эрх баригчид сонгуулийн ялагдлынхаа маргааш өдрөөс эхлээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай ярьж эхэлсэн.

Монголчуудыг өр, зээлийн дарамтаас салгах хуулийн төслийг Ерөнхийлөгч боловсруулж байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах юм бол өр, зээлийг чөлөөлөх бодлого хэрэгжихгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ бүх ард түмнээс асуух ёстой. Одоо юу болж байна вэ гэхээр зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн аймгаар явж, хэдэн дарга цуглуулж суулгаад саналыг нь авч байна. Үүнийгээ ард түмнээр хэлэлцүүлж байна гэж шоудаж таарахгүй л дээ.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарласнаар өр, зээл чөлөөлөх даалгаврыг хэрэгжүүлэх боломжгүй болно гэж та ярилаа. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэрэгжих хугацааг 2021 оны долдугаар сарын 1-н гэж заасан. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэнд халдах боломжгүй биш үү?

-Нэг нам хүч түрж, хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ тулгаж, ард нийтийн санал асуулга явуулах замаар шийдэж болохгүй. Орон нутагт явж байгаа хэлэлцүүлэг нэртэй жүжгийг одоо зогсоох ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн илүү өргөн зөвшилцлөөр шийдэх ёстой.

Ардын намын олон хуульч хэлж байгаа. Энэ төсөл өөрөө томоохон агуулгын шинэчлэл авчирч чадахгүй. Эрэг шургийг чангалсан, эрх мэдлийг засаглалын зарим салаа мөчир лүү шилжүүлсэн өөрчлөлт гэж хэлж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд илүү нухацтай хандах ёстой.

Хэрэгжиж эхлэх хугацааны тухай асууж байна. Эрх баригч нам УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн нөхцөлд хэрэгжих хугацааг яаж л бол яаж дураараа өөрчлөх боломжтой. Яагаад гэвэл 2021 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжих юм гээд хамгаалалт хийгээд баталчихсан хууль байхгүй шүү дээ.

-Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд сонгодог байхаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ асуудал дээр ямар байр суурь барьж байгаа вэ?

-Баг, хорооны Засаг даргыг сонгох асуудалд санал ихээхэн зөрөлдөөнтэй байгаа. Улс төрийн хүчнүүд, иргэдийн зөрүүтэй байр суурийг нэгтгэхэд тусгайлсан ажлын хэсэг гаргах ёстой болов уу.

-Иргэдийн өр, зээлийг чөлөөлөхөд нийт 5.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог танай бүлэг гаргасан байсан. Эх үүсвэрийг хаанаас босгох вэ?

-Сонгуулийн өмнө Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид цалин, тэтгэвэр, сургалт, малчны зээлийн дарамтыг бууруулах чиглэлд санал хүргүүлсэн.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Нэг цохилтоор, нэг далайлтаар өр, зээл чөлөөлөх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. 4-5 жилийн хугацааны урт бодлогоор шийдвэрлэнэ. Шийдвэрлэх арга замыг тодорхойлохын тулд ажлын хэсэг ажиллаж байна.

-Бүлгээс Засгийн газарт намар, өвлийн бэлтгэл хангахтай холбогдуулж чиглэл өгнө гэсэн үү?

-Монголын ажил амьдрал цалгардаж байна гэж Ардчилсан намын бүлэг үзлээ. Ийм дүгнэлт мөн гаргаж, эрх баригчдыг шахаж шаардаж өвөл, намрын бэлтгэлийг нь хангуулахаар болж байна.

Төрийн байгууллагууд одоо нойрноосоо сэрэх хэрэгтэй. Яам, агентлагаар бид явж байна, дандаа хаалттай хаалганууд. Дарга, сайд нар нь олдохгүй байна. Хэдхэн хоногийн дараа сургуул, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлнэ.

Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг янзлах олон ажил хүлээгдэж байна. Ажлаа хийсэн аж ахуйн нэгж мөнгөө авч чадахгүй байна. Тендерт шалгарсан компани ажлаа эхэлж чадахгүй байна. Засгийн газар ажлаа хийгээч ээ, сонгуулийн шокноосоо гараач ээ гэж шаардаж байгаа.

Эрх баригч нам дотоод зодооноо зогсоогоод, урагшаа харж улс эх орныхоо төлөө ажлаа хийх ёстой. Сандал ширээ булаацалдсан эрх баригчдын зодооноос болоод монголчууд хохирч байна, Монголын ажил амьдрал цалгардаж байна.

Мэдээллийн эх сурвалж: news.mn
Хуулбарласан 2017 оны 08 сарын 08-ны Мягмар гараг

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*